Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь 9 дэх жилдээ улсын наадмын түрүү бөхийн бай шагналыг уламжлал болгон гардуулж байна

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө.

Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрээр арав давж Улсын шинэ аварга болсон.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ.

Дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахлын үеэр буюу сүүлийн хоёр жилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл болгон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн HIACE автомашиныг бэлэглэж байв.

Харин энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм.

Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.

Хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж буй бөгөөд ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг гаргажээ.

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Хүүхдийн амбулаторийн засварын ажил ид үргэлжилж буй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгөх юм.